Бид өдөр бүрийн амьдралдаа толгой, нүүр, гартаа илүү анхаарал хандуулдаг хэр нь биеийг маань өдөржин дааж явдаг хөлөө орхигдуулах нь олонтаа. Гэтэл хөл бол зүгээр нэг тулгуур эрхтэн биш — биеийн жин, хөдөлгөөн, тэнцвэр, цусны эргэлтийн чухал зангилаа юм. Хөл эрүүл байж гэмээ бие, сэтгэл бүхэлдээ хөнгөн байдаг.
Дорно дахины уламжлалт анагаах ухаанд хөлийг биеийн “хоёр дахь зүрх” гэж нэрлэдэг. Шар судар болон Анагаах ухааны дөрвөн үндэс-т хүний дотор эрхтэнүүдийн тусгал цэг хөлийн уланд байрладаг тухай өгүүлсэн байдаг. Иймээс био идэвхт цэгэн иллэг хийж, дулаацуулж, амраах нь зөвхөн арьс арчилгаа бус, биеийн дотоод тэнцвэрийг дэмжих нэг хэлбэр гэж үздэг.
Хөл ядарч хавагнах нь зөвхөн удаан зогссоноос болдоггүй. Цусны эргэлт саарах, шингэний солилцоо алдагдах, буруу гутал өмсөх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Өдөрт ердөө 10–15 минут хөлийн био идэвхт цэгүүддээ иллэг хийснээр энэ бүхнийг тэнцвэрийг хадгалах боломжтой. Бүлээн давстай усанд дүрж амраах, шимтэй тосоор ул, өсгий, шагай орчмыг иллэг хийх, хөлийн хуруунуудыг сунгаж дасгал хийх нь булчинг суллаж, ядаргааг тайлна.
Мөн зөв гутал сонгох нь хөл арчилгааны чухал хэсэг. Хэт бариу, өндөр өсгийтэй, хатуу ултай гутал удаан өмсөх нь хөлийн хэлбэрийг алдагдуулж, нуруу, өвдөг, ташаанд хүртэл ачаалал өгдөг. Хөл тав тухтай байх нь биеийн тэнцвэрийг хадгалж, үе мөчний элэгдлээс сэргийлэхэд тустай.
Хөлөө арчлах нь гоо сайхны асуудал төдий зүйл биш. Арьс хагарах, мөөгөнцөр үүсэх, хумс буруу ургах зэрэг жижиг мэт санагдах асуудал цаг алдалгүй анхаарахгүй бол хүндрэх эрсдэлтэй. Хөлийг цэвэр, хуурай байлгах, хумсаа зөв хэлбэрээр авах, арьсаа тогтмол чийгшүүлэх нь энгийн атлаа чухал зуршил юм.
Эрүүл мэнд гэдэг том ойлголт жижиг үйлдлээс эхэлдэг. Өдөр бүр биднийг хүссэн зүгт хүргэж, мөрөөдөл рүү маань алхуулах хөлдөө талархаж, багахан цаг гаргая. Хөл эрүүл бол бие, сэтгэл тэнцвэртэй оршино. Эрүүл биед саруул ухаан оршино хэмээн бидний өвөг дээдэс үлдээсэн билээ. Эрүүл мэндийн үндэс — таны хөл.
Эх сурвалж: gertee massage



